Гадаад харилцаа

Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журам

User Rating: 3 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar InactiveStar Inactive
 

Засгийн газрын 2018 оны 260 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын дипломат, албан паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг баримтална.

1.3. Дипломат, албан паспортыг батлагдсан загвараар үйлдэж, хэвлүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

1.4. Дипломат, албан паспортын загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр гадаад улсын эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хүргүүлнэ.

1.5. Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, бүртгэж, хүчингүй болгоно.

1.6. Дипломат, албан паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байна.

1.7. Дипломат, албан паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй.

1.8. Дипломат, албан паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын 9303 стандартын дагуу дараах төрөлтэй байна:

1.8.1. цахим төхөөрөмжөөр уншигдах паспорт /MRTD/;

1.8.2. иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (цээж зураг, хурууны хээ г.м)-ийг агуулсан хагас дамжуулагчтай паспорт /eMRTD/.

1.9. Энэ зүйлийн 1.8-д заасан дипломат, албан паспорт дараах мэдээллийг агуулсан байна:

1.9.1. энэ зүйлийн 1.8.1-д заасан дипломат, албан паспортад эцэг, эхийн болон өөрийн нэр, иргэншил, регистрийн дугаарыг;

1.9.2. энэ зүйлийн 1.8.2-т заасан дипломат, албан паспортад ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр, иргэншил, регистрийн дугаарыг.

1.10. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат, албан паспорт мэдүүлсэн, олгосон, хүчингүй болгосон бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хилийн шалган нэвтрүүлэх хяналтын цахим мэдээллийн сүлжээтэй холбогдох асуудлыг зохицуулна.

Хоёр. Дипломат, албан паспорт олгох

2.1. Дипломат паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:

2.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;

2.1.2. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YIА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;

2.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;

2.1.4. гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;

2.1.5. төрийн албаны ТЗ-14, AA-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;

2.1.6. Монгол Улсын хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

2.1.7. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой иргэн, түүний эхнэр/нөхөр;

2.1.8. энэ зүйлийн 2.1.1-д заасан албан тушаалтан гадаад улсад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

2.2. Албан паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:

2.2.1. төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.2. төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.3. шүүгч, прокурор;

2.2.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;

2.2.5. төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.6. Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан;

2.2.7. төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.8. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;

2.2.9. Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;

2.2.10. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

2.2.11. Монгол Улсын хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

2.2.12. Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

2.2.13. Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;

2.2.14. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах;

2.2.15. Монгол Улсын өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;

2.2.16. олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн /нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан/;

2.2.17. гадаад улсад суугаа төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан;

2.2.18. дипломат цолтой иргэн, тэдгээрийн эхнэр/нөхөр.

2.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга шаардлагатай тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрлөөр Монгол Улсын иргэнд дипломат, албан паспорт олгож болно.

2.4. Дараах тохиолдолд дипломат, албан паспорт олгохыг хориглоно:

2.4.1. Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахаас 6 сарын өмнө;

2.4.2. гадаадад хувийн хэргээр зорчих албан тушаалтан, иргэнд;

2.4.3. гадаадад сургалтад хамрагдах албан тушаалтанд.

2.5. Албан паспортыг зөвхөн албан ажлын шугамаар зорчиход хэрэглэнэ.

2.6. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга дипломат паспорт, консулын асуудал хариуцсан нэгжийн захирал албан паспорт олгох, эсхүл татгалзах асуудлыг шийдвэрлэнэ.

2.7. Энэ зүйлийн 2.6-д зааснаар дипломат, албан паспорт олгохоос татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтан, иргэнд албан бичгээр хариу өгнө.

Гурав. Дипломат, албан паспорт мэдүүлэх, эзэмших

3.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дипломат, албан паспорт мэдүүлэх хуудас (цаашид “мэдүүлэх хуудас” гэх)-ны загварыг батална.

3.2. Мэдүүлэх хуудас дараах мэдээллийг агуулсан байна:

3.2.1. ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр; 3.2.2. төрсөн он, сар, өдөр, хүйс, регистрийн дугаар;

3.2.3. цээж зураг (3.5х4.5 см-ийн хэмжээтэй);

3.2.4. албан тушаалын зэрэг дэв;

3.2.5. дипломат, албан паспорт олгох, эсхүл татгалзах шийдвэрийн хэсэг.

3.3. Дипломат, албан паспорт мэдүүлэхэд энэ зүйлийн 3.7.1-3.7.6-д заасан байгууллагын холбогдох нэгжийн удирдлага гарын үсэг зурж, мэдүүлэх хуудаст дурдсан мэдээлэл, энэ зүйлийн 3.4-т заасан баримт бичгийн үнэн зөвийг хариуцна.

3.4. Дипломат, албан паспорт мэдүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж хавсаргана:

3.4.1. бүрэн, үнэн зөв бөглөсөн, энэ зүйлийн 3.7-д заасан байгууллагын холбогдох нэгжийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга (тэмдэг) дарсан мэдүүлэх хуудас;

3.4.2. тухайн иргэнд дипломат, албан паспорт олгох үндэслэлийг тодорхойлсон төрийн эрх бүхий байгууллагын албан бичиг;

3.4.3. нийгмийн даатгалын тодорхойлолт;

3.4.4. тухайн албан тушаалд томилсон тушаал, шийдвэрийн хуулбар (тухайн байгууллагын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан байх);

3.4.5. тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтын хуулбар (тухайн байгууллагын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан байх);

3.4.6. иргэний үнэмлэхийн хуулбар;

3.4.7. эхнэр, нөхөр, эсхүл гэр бүлийн гишүүдийн хамт дипломат, албан паспорт мэдүүлэх бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчилсэн хуулбар;

3.4.8. энэхүү журмын 2.3-т заасны дагуу дипломат, албан паспорт мэдүүлэх бол холбогдох байгууллагын хүсэлт, тагнуулын болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

3.4.9. төлбөр төлсөн баримт.

3.5. Дипломат, албан паспорт мэдүүлэгч энэ зүйлийн 3.4.3, 3.4.6, 3.4.7-д заасан баримт бичиг, мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс авах боломжтой нөхцөлд бүрдүүлэхгүй байж болно.

3.6. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж дараах баримт бичгийг нэмж шаардаж болно:

3.6.1. гадаадад зорчихыг түдгэлзүүлэх үндэслэлгүй болохыг нотолсон баримт;

3.6.2. Төрийн албаны зөвлөлийн лавлагаа;

3.6.3. төрийн албан хаагчийн тангаргийн хуулбар.

3.7. Дипломат, албан паспортыг дараах байгууллага мэдүүлнэ:

3.7.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгж;

3.7.2. Үндсэн хуулийн байгууллага болон хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж;

3.7.3. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар уламжлан;

3.7.4. энэ зүйлийн 3.7.3-т зааснаас бусад агентлаг харьяалагдах төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргаар уламжлан;

3.7.5. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тамгын газар, Засаг даргын Тамгын газар;

3.7.6. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тамгын газар, Засаг даргын Тамгын газар нь энэ зүйлийн 3.7.5-д заасан байгууллагаар уламжлан;

3.7.7. энэхүү журмын 2.2.10, 2.2.11-д заасан албан тушаалтан, иргэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраар уламжлан.

3.8. Дипломат, албан паспортыг ажлын 5 хүртэл хоногт багтаан олгоно.

3.9. Дипломат, албан паспорт мэдүүлсэн баримт бичгийг гадаад харилцааны төв архивт 10 жил хадгална.

3.10. Дипломат паспортад гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, түүний эзгүйд консулын асуудал хариуцсан нэгжийн захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.

3.11. Албан паспортад гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжийн захирал, түүний эзгүйд дэд захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.

Дөрөв. Дипломат, албан паспортыг хадгалах, тайлагнах, хүчингүй болгох, устгах

4.1. Дипломат, албан паспорт мэдүүлсэн төрийн байгууллагын холбогдох газар, нэгж дараах үүрэгтэй:

4.1.1. тухайн албан тушаалтан, иргэний дипломат, албан паспортыг албан ажлаар зорчиход нь хүлээлгэн өгч, буцаж ирэхэд нь хүлээн авч хадгалах;

4.1.2. тухайн албан тушаалтан, иргэн ажлаас чөлөөлөгдөх, халагдах, албан тушаал өөрчлөгдсөн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор тухайн дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүчингүй болгуулахаар хүргүүлэх;

4.1.3. алдагдсан, гээгдүүлсэн дипломат, албан паспортын талаар ажлын 5 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;

4.1.4. жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор дипломат, албан паспорт эзэмшигчдийн талаар тайлан гаргаж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.

4.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж дипломат, албан паспортыг хүчингүй болгох талаар дараах эрхтэй:

4.2.1. энэ зүйлийн 4.1.2-т заасан дипломат, албан паспортыг хүчингүй болгох, устгах;

4.2.2. дипломат, албан паспорт эзэмших эрхгүй болсон иргэдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, паспортыг хүчингүй болгох, устгах;

4.2.3. энэ зүйлийн 4.1.4-т заасан тайлан ирүүлж, баталгаажуулаагүй дипломат, албан паспортыг хүчингүй болгох, устгах;

4.2.4. алдагдсан, гээгдүүлсэн дипломат, албан паспортыг хүчингүй болгох; 4.2.5. дипломат, албан паспортыг хүчингүй болгосон тухай шийдвэрийг гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, хилийн шалган нэвтрүүлэх асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэх.

4.3. Хүчингүй болгосон дипломат, албан паспортын талаар дараах мэдээллийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага /Интерпол/-ын мэдээллийн санд байршуулна:

4.3.1. дипломат, албан паспортын дугаар; 4.3.2. энэхүү журмын 1.9-д заасан мэдээлэл.

4.4. Хүчингүй болгосон, эсхүл зөрчилтэй дипломат, албан паспортыг хилийн шалган нэвтрүүлэх асуудал хариуцсан эрх бүхий байгууллага хураан авч гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжид шилжүүлнэ.

4.5. Хүчингүй болгосон дипломат, албан паспортыг жил бүрийн эцэст устгах эсэх асуудлыг холбогдох журмыг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар шийдвэрлэнэ.

4.6. Дипломат, албан паспорт устгах журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батална.

4.7. Хүчингүй болгосон дипломат, албан паспортыг эзэмшигч хүсвэл тухайн паспортод тусгай тэмдэглэл хийлгэж, дурсгал болгон үлдээж болно.

Тав. Хяналт, хариуцлага

5.1. Дипломат, албан паспортын олголтод гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж улирал бүр эрсдэлийн үнэлгээ хийнэ.

5.2. Дипломат, албан паспортын олголтын тайланг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж сар бүр гаргаж, Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад тус тус танилцуулна.

5.3. Дипломат, албан паспорт мэдүүлэхдээ баримт бичиг хуурамчаар үйлдсэн, худал мэдээлэл өгсөн, паспортаа бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ.

5.4. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж энэхүү журмын 4.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгүүлэхээр холбогдох байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлнэ.

 

-----о0о-----

 

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1183419
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
83
741
4540
1174098
12953
30810
1183419
Таны IP: 3.12.160.196
2025-04-19 00:37

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.