БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙРШИЛ
Баянхонгор аймаг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт, нийслэл Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог. Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Архангай, Завхан аймгуудтай нутаг залгаж, БНХАУ-тай 140 км нутгаар хиллэсэн 116 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай.
Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг болон ойт хээр, дунд хэсгээрээ Их нууруудын хотгорын төгсгөл болон тал хээр, өмнөд хэсгээрээ Алтайн цаад говийн цөлөрхөг бүсэд хамрагдана. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 1000-1400 метр өргөгдсөн, хамгийн нам дор газар болох Эхийн гол 720 м, хамгийн өндөр Их Богд уул 3957 м. Баянхонгор аймаг нь засаг, захиргааны 20 сум, 103 баг, 1 тосгонтой. 2017 оны байдлаар 87000 хүн амтай, 4 587 738 толгой малтай. Үүнээс ямааныхаа тоогоор улсдаа 1-р байранд, тэмээнийхээ тоогоор 2-р байранд ордог.