мэдээ

Орон нутгийн аялал жуулчлал - төрийн бодлогын залгамж чанар

User Rating: 4 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Inactive
 

ОРОН НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - ТӨРИЙН БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР

Орон нутгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарын бодлого, чиг үүрэг, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга Мижиддоржийн Батбаяртай ярилцлаа.

 Сур: Та чинь төрийн албанд овоо хэдэн жил зүтгэчихсэн байхаа?

Төрийн албанд ажиллаад 10 гаруй жил болсон байна.

Сур: Тус албыг удирдаад жил гаруй хугацаанд ажилчихлаа. Цаашид ингэж ажиллавал ахиц дэвшил гарна гэдгээ олоод харчихсан байх?

 Төрд албаны залгамж чанар гэж нэг чухал зүйл байдаг. Намайг энэхүү ажлыг хүлээж авахад төрийн албаны олон жилийн туршлагатай С.Баярмагнай дарга энэхүү албаны даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад сууж би залгамж хаалааг нь авч ажиллаж байна даа. Энэ хүн салбарын бодлого, хийж хэрэгжүүлэх ажил, хөтөлбөр, төлөвлөгөөгөө нэлээдгүй чамбай боловсруулж тодорхой болгосон байсан. Одоо ч С.Баярмагнай дарга манай албаны зөвлөхөөр ажиллаж байгаа. Аймгийн дарга Г.Батжаргал болон ИТХ-ын зүгээс аялал жуулчлалын салбараа маш сайн дэмжиж Засаг даргын дэргэд Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хэмээх бүтцийг байгуулсан нь аль ч аймагт байхгүй бодлогын хувьд томоохон дэмжлэг болсон.

Хамгийн гол нь энэхүү салбарын  бодлогыг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, тогтвортой бодлого маш чухал. Энэ бүтцээрээ цаашид ч явна гэсэн бүрэн итгэлтэй байгаа. 2008 онд  Аялал жуулчлалын алба байгуулагдаад 1 жил болоод татан буугдсан байдаг. Энэ удаа ч бас дахин битгий тэгээсэй гэж бодож байгаа. Эцсийн үр дүнгийг нь үзэх хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар бол тийм амархан хөгждөг салбар биш. Харин нэг хөгжөөд ирвэл үр өгөөжөө бодиттой өгнө. Салбарын хувьд онцлогтой, бүх салбараас хамааралтай байдаг. Зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, даатгал, зочлох үйлчилгээ, хууль, эрхзүй, хөдөө аж ахуй, байгаль орчин,  худалдаа гээд. Олон аж ахуй нэгж, иргэд, ОУ-ын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, элчин сайдын яамд гээд харьцаагүй, хамтраагүй байгууллагууд гэж ховор байлаа. Ер нь өнгөрсөн жилийн хугацаанд нэлээдгүй ажлыг зохион байгууллаа. Аялал жуучлалын салбар манай аймагт хөгжиж үр өгөөжөө  өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Сур: Өнгөрсөн жилд танай албанаас боломжийн ажлууд хийчих шиг болсон. Эл ажлуудаасаа тодосгобол?

Аялал жуулчлалын чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, аймгийн ЗДТГ, сумдууд аймгийн зарим мэргэжлийн бодлогын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран салбарын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа тодорхой үр дүнтэй, ахиц дэвшилттэй зохион байгууллаа.

 Тухайлбал: Дотоод гадаадын жуулчдыг татах, орон нутгийн иргэдийг дэмжих, тэдгээрийн онцлог давуу тал, соёл, уламжлалаа сурталчлах зорилгоор “Түйн голын жавар-2019” өвлийн наадам, “Их Богд уулын тайх ёслол”, “Биндэръяа хөх нуурын цом” спорт загасчлалын тэмцээн, Сарлагийн наадам, “Тэмээ тэнгэрийн амьтан” Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн,  Шинийн арван тавны буян хураах өдөр зэрэг эвентүүдийг зохион байгууллаа. Мөн Ламын гэгээнийхээ ойг сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.

 Орон нутгийн 2 телевизтэй гэрээ байгуулж салбарын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэж, аймгийн Гэрэл зурагчдын холбоотой хамтран “ҮЗЭСГЭЛЭНТ БАЯНХОНГОР” төслийг хэрэгжүүлж аймгийнхаа гэрэл зургийн цомгийг хийлээ. Аймгийн төвийн Баганат талбай дээр Германы хамтын ажиллагааны нийгмлэгийн   ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгээр Жуулчны мэдээллийн төвийг байгуулсан. Жил болгон зохион байгуулагддаг Аялал жуулчлалын үзэсгэлэнд анх удаа орон нутгаас өргөн бүрэлдэхүүнтэй очиж аймгаа олон нийтэд сурталчиллаа. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан анх удаа мартагдаад байсан “Дуутай хуруу”-ны тэмцээн, Явган аялал, ТВ нэвтрүүлэг, дугуйн аялал зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Салбарын хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор БОАЖЯ-тай хамтран зочлох үйлчилгээний байгууллагуудын ажилтануудыг 10-н мэргэжлийн чиглэлээр сургалтад хамруулж нийт 120 хүнд мэргэжлийн гэрчилгээг нь гардууллаа. Богд, Эрдэнэцогт сумын аялал жуулчлалын нөөц газруудыг түшиглэн  малчны нөхөрлөлүүдэд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын талаар сургалтыг тухайн газарт нь очиж зохион байгуулсан байна.

Дотоод гадаадын аялал зохион байгуулах чиглэлээр Их богд аялал-2019, Унадаг дугуйн аялал, Ан амьтан ажиглах аялал, Гэрэл зурагчдын аялал, Байгаль нуурын аялал, Манжуур хотын аяллуудыг зохион байгуулж нийт давхардсан тоогоор 1000 гаруй хүн хамрагджээ.

Хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр Зочлох үйлчилгээний байгууллага болох зочид буудал, жуулчны бааз, амралт, рашаан сувиллын газар, дэн буудал, ресторан зоогийн газруудад аймгийн МХГ, ЦГ, ОБГ, СХЗГ, Баянхонгор сумын ЗДТГ-уудтай хамтран аймгийн Засаг даргын захирамж, удирдамжийн дагуу зочлох үйлчилгээний байгууллагуудад арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт мониторинг хийж ажиллалаа.

 Өнгөрсөн жил Гадаад харилцааны чиглэлээр Япон, Хятад, Франц, ОХУ, Солонгос зэрэг улс орнуудтай уламжлалт харилцаа холбоогоо сэргээсэн, хамтын ажиллагааны шинэ арга замыг ирэлхийлсэн жил байж Япон болон Франц улсын элчин сайдууд манай аймагт албан ёсны айлчлал хийлээ. БНХАУ-ын ӨМОЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуу, Шивээ хүрэнгийн боомтод аймаг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Зүүн хойд азийн нутгийн захиргаадын холбооны хуралд оролцож аймгийн нийгэм эдийн засгийн талаар илтгэл тавьж оролцлоо. Зүүн хойд Азийн залуу удирдагч-2019 форумд Баянхонгор аймгаас 2 залуу төлөөлөгч оролцож орон нутгаа сурталчлаад ирлээ.

Мөн олон улсын төсөл хөтөлбөрүүд хонгор нутагт хэрэгжсэн сайхан жил байлаа. Тухайлбал: GIZ ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгээр “Жижиг дунд үйлдвэрлэл-Орон нутгийн бизнес эрхлэгчдийг” дэмжих төсөл, “Тогтвортой аялал жуулчлал-Хүртээмжтэй эдийн засаг”  зэрэг төсөл хөтөлбөрүүд хонгор нутагт хэрэгжиж тухайн салбарын хэмжээнд ажлын байр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, иргэд, аж ахуй нэгжүүдийн ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлсэн сайхан жил байлаа.

Баянхонгор аймаг аялал  жуулчлалын салбарт өнгөрсөн 6 жилийн хугацаанд хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байсан гээд аваад үзвэл 2015 онд 4 сая, 2016 онд 10 сая, 2017 онд 22 сая, 2018 онд 298 сая, 2019 онд 155 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эндээс  2018 онд “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд салбарын хувьд үр өгөөжөө өгсөн жил байсан. Нөгөө талаас энэ салбарыг хэр анхаар ч байсан бэ, ач холбогдол өгдөг байсан нь харагдаж байна.

Бидний хийсэн ажлын  үр дүнд манай аймагт 2019 онд ирсэн дотоод, гадаадын жуулчдын тоог 2018 онтой харьцуулахад 70 гаруй хувиар өссөн  байна.

 Сур: Баянхонгор аймгийн Гадаад харилцааг ингэж өргөжүүлнэ, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх ойрын жилийн зорилго, зорилтоосоо тодруулж яриач?

Цаашид аймгийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоог түшиглэн ажиллана. Мөн БНХАУ-ын Ниншя Хуй аймагтай Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байна учир бид энэ ажлын эхлэлийг тавьсан байгаа. Дараагийн нэг томоохон ажил бол Монгол туургатны соёл, спортын наадмыг зохион байгуулах хэрэгтэй байна. Мэдээж Гадаад харилцааны яамаар дамжуулан Гадаадад суугаа элчин сайдын яамуудтай холбоо тогтоож үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Бид орон нутгаа бусад орнуудад яаж сурталчилах вэ? юугаараа ялгарах вэ? ямар онцог давуу талтай юм бэ? гэдэг асуулт урган гарч байна. Ингэхийн тулд шинэ ажлуудыг санаачилж,  гадаад харилцааг өргөжүүлж орон нутгаа сурталчилах нь зайлшгүй.

            Өнгөрсөн жилүүдэд урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл аялал жуулчлалын салбарт хийгдлээ. Энэ хөрөнгө оруулалт мэдээж аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, иргэдэд үр өгөөжөө өгч байна. Тиймээс бид аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуй нэгж, иргэдийг бодлогоор үргэлжлүүлэн сайн дэмжих хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нөөц маш чухал. Аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудаа тохижуулах хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудаа үргэлжлүүлнэ. Дотоод болон гадаадын үзэсгэлэн яармагт оролцон БОАЖЯ-аар дамжуулан гадаад орнуудад зохион байгуулагддаг аялал  жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцож аймаг, орон нутгаа сурталчлах төлөвлөгөөтэй байна.

            Манай аймаг одоогийн байдлаар 7 хоног бүрийн пүрэв гаригт онгоц нисч байна. Энэхүү нислэгийн хуваарийг тогтмолжуулах илүү олон нислэгтэй болгох зорилтыг тавьж ажиллана. Мэдээж жуулчны урсгал, эрэлт хэрэгцээгүйгээр энэ асуудал шийдэгдэх асуудал биш. Тиймээс бид дотоод, гадаадын жуулчдыг татсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар энэ ажил биеллээ олно.

            Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бодлогын баримт бичгийг 2014 онд шинэчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Энэхүү төлөвлөгөө 2020 онд хэрэгжилт нь дуусна. 2021 онд аялал жуулчлалын дунд болон урт хугацааны төлөвлөгөөг орон нутгийн онцлог, давуу тал, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн  дахин боловсруулна.

            Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд аймгийн Хангайн бүс, Тал хээрийн бүс, Говийн бүсэд дотоод гадаадын жуулчдын саатах томоохон цогцолборыг барих төлөвлөгөөтэй  байна. Тухайлбал: Хангайн бүсэд Заг-Байдрагийн Хүрэн бэлчир цогцолбор, Тал хээрийн бүсэд Шаргалжуут амралт, аялал жуулчлалын цогцолбор, Говийн бүсэд Их богд уулыг түшиглэн томоохон аялал жуулчлалын бааз байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

Сур: Эдгээр ажлуудаас чинь гарах үр дүн, ач холбогдол нилээд бий байх ?

Тэгэлгүй яахав. Гадаад харилцааг аймгийн хэмжээнд зохицуулах журам боловсруулж байна. Ингэснээр аймгийн хэмжээнд дипломат харилцаа гэж юу юм, түүний ач холбогдол, гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ямар шаардлага, ямар шатлалтайгаар харилцах ёстой юм гээд маш олон асуудал зохицуулагдана.

Аялал жуулчлалын салбарын хамгийн гол хүчин зүйл бол жуулчин. Жуулчин байхгүйгээр аялал жуулчлалын салбарыг яриад хэрэггүй. Тиймээс орон нутгийн онцлог давуу тал дээр тулгуурлан аялал жуулчлалын бодлогыг маш зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Баянхонгор аймагт аялал жуулчлалыг 2014-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилт үндсэндээ 80 хувьтай байна. Энэ бас тодорхой үр дүнг харуулж байгаа юм. Хамгийн гол нь энэхүү салбарыг сүүлийн жилүүдэд бүтцийн хувьд, хөрөнгө оруулалтын хувьд  дорвитой анхаарсны үндсэн дээр Аялал жуулчлалын төлөвлөгөө үр дүнтэй хэрэгжиж байгаа. Ингэж үр дүнтэй хэрэгжиж байгаа явдал мэдээж аймаг орон нутгийн удирдлага, Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд, төрийн бус байгууллагуудын  оролцоо, идэвх зүтгэл маш чухал байлаа. Ташрамд нь дээрх байгууллагууддаа баярласан талархсанаа танай сониноор дамжуулж илэрхийлж байна.   

Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр Баянхонгор аймаг гадаад улс орнуудтай харилцах хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, хүний нөөц сайжирна, дотоод, гадаадын жуулчдын тоо өснө, үүнийгээ дагаад ажлын байр нэмэгдэнэ, жуулчдын аялах амрах ая тухтай орчин бүрдсэн байх болно.

Сур: Танай албаны төсөв санхүүгийн хүрэлцээ аймагт аялал жуулчлалыг боломжийн хөгжүүлээд явахад хүрэлцэх талаасаа ямар шүү байдаг вэ?

Манай албаны төсөв бол үндсэндээ цомхон яагаад гэвэл бага зардлаар энэхүү салбарыг хөгжүүлэх менежментийг барьж ажиллаж байна. Манай алба  5 хүнтэй түүний 2 хүний цалин нь дээрээсээ албан ёсоор суулгасан байдаг, 3 хүний цалин орон нутгаас цалинжиж байна. Албаны төсөв бол ердөө 5 хүний цалин, томилолт, бичиг хэргийн зардал, бензин шатахуун тэгээд боллоо. Үйл ажиллагааны зардал дээр аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гадны төсөл хөтөлбөрүүд, холбогдох яамны тусгай зардал, хандив, туслалцаанаас манай албаны үйл ажиллагааны төсөв бүрдэж байдаг. Бид өнгөрсөн онд олон улсын хөтөлбөрүүдэд хандаж төсөл бичиж мөнгө босгосон. Энэ жил мөн энэ ажлаа үргэлжилүүлж санаачлага гаргаж илүү бүтээлчээр ажиллана.

 Аймагт ирж байгаа нийт жуулчдаас олсон орлого 5-н тэрбум болж байна. Энэ орлого аялал жуулчлалын бизнес эрхлэгч болон иргэдэд шууд хүрч байна.

Сур: Аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өөр ямар бүтээлч тодорхой ажлуудыг хийгээд байна вэ?

Аймгийн Хангай бүсэд аялал жуулчлалын шинэ эвент Монгол туургатны харвуул наадам, Тусгай сонирхлын аялал Биндэръяа хөх нуурын цом өвлийн спорт загасчлалын тэмцээн, Тал хээрийн бүсэд Шаргалжуутын халуун рашааныг түшиглэн Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүлэг нөхөрлөл байгууллаа. Эрдэнэцогт сумд Шатар чулуун хөшөө цогцолборын ажлыг эхлүүлж  Говийн бүсэд аяллын шинэ маршрут, хөтөлбөр болох Говийн гайхамшигт 6 аялал, Оюу Номин нуурын аялалуудыг санаачилан хийж, аялал жуулчлалын нөөц газруудад очих замын тэмдэг тэмдэглэгээ хийлээ.

Сур: Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг аймгийн Засаг дарга санаачлан байгуулсан шинэ алба. Аймаг орон нутаг, төр засгийн зүгээс хэр хэмжээгээр дэмжиж байна вэ?

Үнэхээр аймгийн нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбар болох Аялал жуулчлалын салбарыг ямар үр өгөөжтэй, үр дүнтэй салбар вэ гэдийг ойлгож орон нутагт аялал жуулчлалын бодлогыг шинэ төвшинд хэрэгжүүлэх механизм буюу Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг байгуулсан явдал бол аймгийн Засаг даргын энэ салбарыг хөгжүүлэхэд оруулж байгаа маш том хувь нэмэр юм.

Сур: Та албаныхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

Аялал жуулчлалын салбар бол өөрөө өнгөлөг гэгээлэг сайхан салбар. Энэ салбарын мөн чанар, ирээдүйд үлдээж байгаа асар их нөөцийг мэдэхгүй маш олон хүмүүс шүүмжилдэг. Амархан хөгждөг юм шиг санадаг байх. Ингэж хөгжүүлэхийн тулд олон зүйлээс шалтгаалж байна. Салбарын хуулийн зохицуулалт, дүрэм, журам, стандарт, аялал жуулчлалын нэгдсэн бодлого, бодлогын хэрэгжүүлэх механизм, бүтэц, төсөв гээл олон зүйлээс хамааралтай. Сүүлийн жилүүдэд салбарын хөрөнгө оруулалт,  төсөв тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа нь жуулчдын тоо өсөж байгаа гол үзүүлэлт юм. Тиймээс манай албаны болон аймгийн аялал жуулчлалын салбар нь сууриа олон хүмүүсийн хичээл зүтгэл, итгэл найдвараар сайн тавилаа. Одоо түүнийг үргэлжлүүлэн авч явах маш чухал. Хонгор нутагт минь аялал жуулчлалын салбар хөгжих шинэ үе, давлагаа ирж байна. Хамгийн гол нь та бидний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа нэн шаардлагатай гэдгийг хэлмээр байна.

Танд баярлалаа: Өнөөгийн Баянхонгор сонин

Их уншсан мэдээ

Санал асуулга

Хонгор нутагт хаашаа аялахыг хүсэж байна

Манай зочид

1095528
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
245
882
2812
1087439
11262
23003
1095528
Таны IP: 18.117.231.160
2025-01-15 05:42

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ПОРТАЛ САЙТ GO NOMADIC, EXPERIENCE MONGOLIA

Email: 

Bayankhongor.tourism@gmail.com

Холбоо барих утас:

70444436, 86224024

 

Манай цахим хуудаснаас шинэ мэдээг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мэйл хаягаа үлдээнэ үү.