Өнөөдөр/2018.10.26/ Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт нар Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Мөн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн зүгээс гурван талт түншлэлийн хүрээнд Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж 30 мянган еврогийн буцалтгүй хөрөнгө оруулалтыг хийхээр болов.
Тус аймаг 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан юм. Энэ хүрээнд аялал жуулчлалын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилгоор тодорхой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, тэдэнд орон нутгийн төсвийн 240 сая төгрөгийн гурван жил хүртэлх хугацаатай, хүүгүй зээлийг олгоод байна. Уг ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар Баянхонгор аялал жуулчлалын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тодорхойлоод, эхний маршрутаар ажлууд хийгдэж байна. Энэ удаагийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн хүрээнд орж ирж буй дээрх хөрөнгө оруулалт нь хэдийгээр буцалтгүй боловч хөрөнгө оруулалтын үр дүн өндөр, нутгийн иргэдийн хэрэгжүүлсэн төслийн үр өгөөж сайн байх шаардлагыг санхүүжүүлэгч талаас тавьж байна. Харин Баянхонгор аймгийн зүгээс эхний сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, тэндээс шалгарсан төслийг хөндлөнгийн экспертийн оролцоотойгоор шалгаруулж, хэрэгжүүлэхээр ярилцлаа. Баянхонгор аймаг нь говь, хангай, тал хээрийн гурван бүсийн нутаг гэдгээрээ алдартай. Энэхүү онцлог бүс нутагт түүх, архелогийн эртний дурсгалууд олноор байх ба монголчуудын уламжлалт аж ахуй, ёс заншил өнөө хэр хадгалагдаж үлдсэн нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц бололцоог илтгэдэг. Тиймээс дээрх 30 мянган еврогийн хөрөнгө оруулалтыг тус аймагт оруулах шийдвэрийг гаргажээ. Нөгөө талаар уул уурхай, аялал жуулчлал, мал аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг харилцан нэг нэгэндээ үр ашигтай, ээлтэй байдлаар хөгжүүлэхэд энэ удаагийн хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлнэ. Цаашид Увс, Сэлэнгэ аймгуудад дээрх хөрөнгө оруулалтыг хийх юм байна.